Хүүхэд гэж хэн бэ?

2012-04-19 12:25

Хүүхэд гэж хэн бэ?

Хүүхдийн эрхийн конвенцэд 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж тунхагласан байдаг.

Дэлхийн улс үндэстэн бүр өөрийн орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа хүн болгон төлөвшүүлэхийн тулд санаа тавьж ажилладаг байна. Хүүхэд хэмээх үнэт эрдэнэ мянган атга будаанаас зүүний үзүүр дээр тогтох юнгэрийн ганц будаа мэт хувь заяагаа олж байхдаа өнгөт орчлонд амьдрах бэлтгэлээ “базаадаг”. Тиймч учраас Монголчууд хүүхдэд эхийн хэвлийд байхаас нь хайр хүндэтгэлээ үзүүлж, хөл хүнд эхийг хүндэтгэн, тайван амгалан байлгаж ирснээс үзэхэд хүүхдийн хөгжил төлөвшилд эртнээс анхаарч ирсний нэг баталгаа юм.

Өнөө үед дэлхий нийтээрээ хүний хөгжил өрх гэрээс эхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, эцэг эхчүүдийн боловсрол, төлөвшлийн асуудлыг тэргүүн зэрэгт тавих болсон байна. Бидний өвөг дээдэс эх нь хээр алаг бол хүү шийр алаг гэж сургасан нь хүүхдийн хүмүүжил төлөвшил нь эцэг эхээс хамааралтай байдаг гэдгийг олж харсан МОНГОЛ УХААН юм. Иймд нарын хаан хүүхдийн эрхийг хамгаалж хүн болгон төлөвшүүлэх анхдагч орчин нь гэр юм. Гэвч дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа Монголчууд бидний хувьд эцэг эхчүүд нь ажил амьдралаа залгуулах, нийгмийн амьдралд оролцож өөрийгөө хөгжүүлэх шаардлага байгаа учраас үр хүүхдээ хүмүүжүүлж төлөвшүүлэхэд цэцэрлэг сургуулийн зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй юм. Тиймч учраас хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгохын тулд цэцэрлэг, сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч улсын хэмжээгээр СӨБ-д хамрагдах байдал харилцан адилгүй байдаг.

Ерөнхий боловсролын сургууль 12 жилийн тогтолцоонд шилжин, хүүхэд 6 наснаас эхлэн сургуульд хамрагдах болоод байна. Улсын хэмжээгээр хүүхдийн 40% хувь нь дөнгөн данган цэцэрлэгт хамрагддаг гэсэн харамсалтай тоо байдаг. Энэ нь хүүхдийн эрхийн конвенцоор тунхагласан хүүхэд бүрт боловсролыг хүртээмжтэй олгох ёстой гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгаа нэг хэлбэр юм.

Хүүхэд хэмээх үнэний шалгуур өндөртэй, цэвэр ариун сэтгэлтэй, хэнийг ч муу хүн гэж боддоггүй энэ тэнгэрийн бурхны хөгжил төлөвшилд ээж, аав, эмээ, өвөө, төр засаг, ерөнхийлөгч, ангийн багш, эмч, цагдаа ер нь бол бүгдээрээ улс орноороо анхаарах үүрэгтэй билээ.

Хүүхэд бол аав, ээж гэр бүлдээ амин эрдэнэ болсон голомт залгах үр хүүхэд нь байдаг бол улс орны хувьд ирээдүйн хөгжлийн үндэс суурь нь болж байдаг.

Хүүхэд гэж хэн бэ? гэж надаас асуувал юу ч бичээгүй шинэхэн цасны өнгөтэй цагаан цаас, сүүн сэтгэлтэй бурхны элч, аав, ээжийн амин эрдэнэ, эх орны ирээдүй гэж би итгэлтэйгээр хэлж чадна.

Нарны хаан хүүхдийг хүндэлсэн улс орон хөгжинө. Улс орны хөгжлийн үндэс нь оюун ухаан төгс хүмүүн билээ. Иймд хүн бүр нарны хаан хүүхдүүд ээ ЗА гэж хэлцгээе!

Ангилал : Мэдээ | Нийтэлсэн : nana | Уншсан (169) | Өмнөх бичлэг |

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл